Сургалт зохион байгууллаа

picture4

Сургалтын төлөвлөгөөний дагуу гаалийн улсын байцаагч нар болон ажилтан, ажиллагсдад Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны дарга Б. Майдармаа “Харилцаа, хандлага, ёс зүй” сэдвээр 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр сургалт зохион байгуулж, харилцаа, хандлага,  ёс зүйн төлөвшил,ёс зүй сэдвээр дараах мэдээллийг  хүргэв.Үүнд:

1.Хүмүүс өөр хоорондоо харилцсаны дүнд бие биенийхээ талаар ямар нэгэн сэтгэгдэлтэй үлддэг. Энэхүү сэтгэгдэл эерэг байхуу, сөрөг байх уу гэдэг нь гагцхүү хандлагын төлөв байдлаас шалтгаалдаг. Хандлага үйлдэл болохдоо бодлоор дамжиж илэрдэг. Бодол ямар ч нөхцөлд хувь хүнийх байдаг. Тийм ч учраас хүмүүс бодол санаагаараа өөрсдийгөө бүтээдэг байна. Бодлын өөрчлөлт нь хандлагыг тодорхойлно. Ийм учраас хандлагаа зөв болгохын тулд бодлоо цэгнэх /хянах/ хэрэгтэй юм. Хүний бодол өөрчлөгдөхөд тухайн хүний хувийн туршлага, мэдлэг боловсрол, бусад хүмүүсийн хандлага зэрэг хүчин зүйлүүд нөлөөлдөг.

2.Бодлоо өөрчлөх анхны алхам нь бодлоо хянах явдал юм. Манай монголчууд “Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” хэмээн ярилцдаг нь угтаа бодлоо хянаж, санаагаа зөвтгөх тухай асуудал юм. Бодолгүй хэлсэн нэг үг найз нөхөд, ойр дотныхон болон харилцагчдаа өөрөөсөө хөндийрүүлээд зогсохгүй, өөрийгөө бусдад таагүй харагдуулахад хүргэнэ. Бодлоо хянаж бусдын санаа бодлыг хүндэтгэж сурснаар харилцаа, хандлагаа зөв сайн болгож, энэ нь таны ажил, амьдрал, бизнест эерэг үр дүн авчрах нь гарцаагүй юм. Бусдын санаа бодлыг хүндэтгэнэ гэдэг нь тэдний буруу үйлдэлд хөтлөгдөнө гэсэн хэрэг биш бөгөөд хүнийг сонсох чадвартай байж, харилцаа, хандлагын соёлын өндөр түвшинд нөлөөлөнө гэсэн үг юм.

3.Хүн бол сэтгэлийн амьтан. Ийм учраас юуны өмнө сэтгэл, бодол санааг зөв сайн болгож, жинхэнэ хүн болох хэрэгтэй. Энэ бол таны өөртөө тавих анхаарал, бусдад туслах сэтгэлийн үйлээр хэрэгжинэ. Иймд долоо хэмжиж нэг огтолдгийн адил бодол санаагаа дотроо сайн бясалгаж, хэрэгтэй үгийг, хэрэгтэй газар нь, хэрэгтэй хүнд нь хүргэж байваас энэ нь таны хувьд нийгмийн ёс зүйн сайн сайхны тусын тулд оруулсан томоохон хувь нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байж болно. Сайхан харилцаа, хандлагын төлөө таны хийсэн алхам бүр гэрэл гэгээтэй.

Мөн эерэг харилцаа, хандлагыг бий болгох урам, зориг, ухаарал хайрласан шилдэг афоризмийг сургалтад оролцогчдод хүргэв.

Both comments and pings are currently closed.