Тэшиг дэх гаалийн салбар

13

ТЭШИГ СУМАН ДАХЬ БАГА-ИЛЭНХ БООМТ

Манай аймгийн Тэшиг сумын хилийн “Бага-Илэнх”, Буриад улсын Закаменьск районы “Айнек-гол” боомт нь Монгол-Оросын Засгийн газар хоорондын 1992 оны хэлэлцээрээр байнгын ажиллагаатай болох боомтуудын жагсаалтад орсон.

Манай улсын Засгийн газар уг боомтод ач холбогдол өгч хилийн энэ гарцыг байнгын ажиллагаатай болгох бэлтгэл ажлыг хангаж боомтын замыг улсын нэгдсэн сүлжээнд оруулан зам засварт 400.0 сая, барилга бусад байгууламж барихад 316.0 сая төгрөгийн хөрөнгө зарцуулж, хил гаалийн иж бүрэн цогцолбор ашиглалтад орсон.

Энэхүү цогцолбор нь хоногт 600 тн ачаа. 2000 зорчигч шалган нэвтрүүлэх хүчин чадалтай, хяналт шалгалтын үйл ажиллагааг технологийн горимын дагуу явуулах нөхцөл хангасан, орох гарах 2 урсгал бүхий 2620 ам метр бетон замтай, зорчигчдын тээврийн хэрэгслийг шалгах үзлэгийн талбай, автопүү, агуулах ариутгалын талбай, хилийн харуулын болон амралт, албан уулзалтын байр, 50 кВт-ын дизель генератор, түлшний агуулах, цахилгаан хангамж халаалттай, гаалийн болон мэргэжлийн боловсон хүчний нөөцөөр хангагдсан.

Уг боомтыг байнгын ажиллагаатай болгосноор Булган, Архангай, Баянхонгор, Орхон, Өвөрхангай аймгийн иргэд, аж ахуй нэгжүүд ОХУ-руу дөт замаар харилцах боломж нээгдэх юм.

Бид цаашдаа хилийн боомтоор дараахь чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.

  • Нийгэм, эдийн засаг, хууль хяналтын салбарт хамтран ажиллах
  • ХАА-н салбарт мах бэлтгэж нийлүүлэх
  • Малыг эрүүлжүүлэх, малын эмийн худалдаа
  • Оросын холбооны улсад өвс тэжээл, нүүрс нийлүүлэх
  • Мод гуалин авах
  • Хөдөө аж ахуйн машин механизмын сэлбэг худалдаа
  • Шатахуун, шатах тослох материалын худалдаа
  • Байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах

Одоо тулгамдаад байгаа асуудал бол Бага Илэнх-Айнек голын боомтын Оросын талын барилга байгууламжыг барьж дуусгах ажлыг эрчимжүүлж байнгын ажиллагаатай болгохыг Оросын талаас хүсэж байна.

  1. Монгол, Орос, Панам, Австрийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Тэшиг сумын Тавтын алтны уурхайг хамтран эзэмшихээр боллоо. Уурхайд ашиглах техник, тоног төхөөрөмж, материал, ажиллах мэргэжилтнүүд энэ боомтоор дамжиж орж ирэх юм. Энэ нь тус боомтын ач холбогдлыг улам өсгөж байна.
  2. Хилийн ойролцоох Тэшиг, Хутаг-Өндөр сумдад мах боловсруулах үйлдвэр, малын тэжээл зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хамтарсан үйлдвэр байгуулах, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, үр тариа болон барилгын модон хийц, оёдол, нүүрсний хилийн худалдааг өргөжүүлэх бололцоо их байна. Газар тариалангийн техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бусад бараа материалаар солилцох саналтай байна.
  3. Хөвсгөл, байгаль нуурын орчим дахь аялал жуулчлал хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд хоёр талын хөрөнгө оруулалтаар Булган аймгийн Хутаг-Өндөр, Тэшиг сумыг хамруулан экологийн олон улсын аялал жуулчлалын бүс болгох боломжтой байна.
  4. Малын халдварт өвчнийг тандан судлах хамтарсан экспидицийг байгуулж ажиллуулах саналыг дэмжих
  5. Уньт-Тариалан чиглэлийн 88 км хатуу хучилттай замыг барьж уг замаас Тэшиг сумын “Бага-Илэнх-Айнек гол” хилийн боомтыг холбох хатуу хучилттай авто замыг барьж ашиглалтад оруулах

Булган аймгийн Тэшиг сумын Бага-Илэнхийн хилийн боомтыг байнгын ажиллагаатай болгосноор Байгаль орчин аялал жуулчлалын газар нь ОХУ-ын Закаменск аймагтай дараах чиглэлээр хамтран ажиллаж туршлага солилцох боломжтой болно гэж үзэж байна.

  • Тэшиг сумын “Харгал нуур”, “Эг-Тарвагатайн бэлчир”, “Эг-Тавтын бэлчир”, “Урантогоо”, “Зэд бүтээлийн нуруу” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад байгалийн болон түүх соёлын, спорт ан агнуурын чиглэлээр аялал жуулчлал эрхлэх цаашид Байгаль далай хүртэл аялах аялалыг зохион байгуулах, олон улсын сүлжээнд хамруулах
  • Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч жуулчны бааз амралтын газруудтай боловсон хүчнийг мэргэшүүлэх талаар хамтран ажиллах гэрээ байгуулан туршлага солилцох
  • Эко аялал болон бизнес аялалаар явах жуулчдын тоог нэмэгдүүлэх

Мод бэлтгэл болон зүсмэл материал бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгж байгууллагуудтай харилцан туршлага солилцох

  • Мод модон материал ислэг хавтан үйлдвэрлэх, давирхай олборлолт, хортон устгалын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, устгалд хоргүй технологийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах
  • Мод бут тарьж үржүүлж байгаа иргэн аж ахуйн нэгж, нөхөрлөл ТББ-уудыг туршлага солилцуулах сайн чанарын тарьц суулгац, жимсний мод бут, гоёл чимэглэлийн мод бутыг орон нутагтаа нутагшуулах зэрэг ажлыг хамтран хийнэ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор гаргах 200 тн ачаанаас Булган аймгийн Тэшиг сумын Бага-Илэнх хилийн боомтоор гаргах 200 тн ачааны зөрүүг хялбарчилсан аргаар тооцож үзэхэд өдөрт 2.4 мян.доллар, сард 51.6 мян.доллар, жилд 576.4 мян.доллар байна.

Тооцооллыг хавсаргав.